12.01.2014

Барнумын нөлөө: зурхай, мэргэ, сонжоонд та хэр итгэдэг вэ?


“Шоон мэргэ. Энэ мэргэний аргачлал маш энгийн. Хоёр ширхэг шоог аваад хооронд нь үрээд хая. Дараа нь гарсан тоог тохирох хувилбартай нь харьцуулан тайлбарла. 10 гарсан бол та далайцтай хөдөлнө. Ойрын ирээдүйд таныг эрх мэдэл, мөнгө, асар их нөлөө хүлээж байгааг тоо гэрчилж байна.”– нэгэн сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлээс

“Та хэр романтик хүн бэ?” “Чиний хумс ямар хэлбэртэй вэ?” “Чиний нүүр будалт юуг өгүүлнэ вэ?” гэх мэт сонжоо бөглөж үзсэн үү? Сонжоо бөглөхөд яагаад ч юм хариу нь яг л таныг хэлээд байх шиг санагддаг уу? Эсвэл мэргэч, зурхайч дээр очиход таныг нэвт хараад л хэлчихсэн тохиолдол бий юу?

Барнумын нөлөө (Barnum effect) гэдэг нь өөрсдийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөх хүмүүсийн итгэмтгий зан буюу хүн бүрт тохирч болох аливаа тодорхойлолтыг хэлнэ. Энэхүү үзэгдэл нь 19-р зуунд хууран мэхлэлт илбээрээ алдартай байсан бизнесмен  П. Т. Барнумын нэрээр нэрлэгдсэн үзэгдэл ба анх 1948 онд сэтгэл судлаач Бертрам Р. Форер оюутнуудынхаа дунд туршилт явуулан харуулсан. Тэрээр бүх оюутнуудаасаа бие хүний зан чанарыг тодорхойлох тест авахдаа бүгдэнд нь хэлэлгүйгээр ижил хариу өгчээ. Гэтэл оюутнууд дунджаар 5-аас 4.26 гэсэн үнэлгээгээр тестийн хариутай санал нийлж байна гэжээ.

Барнум тодорхойлолтын жишээ:
  • Та бусдаар бишрүүлж, хүмүүст таалагдахыг хүсдэг.
  • Танд өөрийн сайн чанаруудаа ашиглах нөөц боломж маш их байдаг.
  • Гаднаа өөрийгөө хянаж чаддаг ч дотроо сэтгэл тань зовних хандлагатай.
  • Та тодорхой хэмжээний өөрчлөлт, сонголтыг илүүд үздэг ч хязгаарлалт тавьж эхлэхэд дургүй.
  • Хэн нэгнээс хараат бус сэтгэгч гэж өөрөөрөө бахархдаг бөгөөд хангалттай нотлох баримтгүй тохиолдолд бусдын үзэл бодлыг хүлээн авахгүй.
  • Та өөрийгөө шүүмжлэх хандлагатай байдаг.
  • Заримдаа та зөв шийдвэр эсвэл зөв зүйл хийсэн эсэх талаар эргэлздэг.
  • Заримдаа та нийтэч, олон хүнтэй харилцах дуртай байдаг бол бусад үед дотогшоогоо, болгоомжилсон хандлагатай болчихдог.
  • Танд зарим нэг сул тал байдаг ч тэднийг нөхөх сайн чанарууд ч байдаг.

Танил сонсогдож байна уу? Тийм учраас л зурхайч, мэргэч төлөгч нарт хууртахад тун амархан байдаг. Илбэчид хүртэл энэ нөлөөллийн аргыг хэрэглэдэг. Энэ аргыг хүмүүсийн итгэмтгий занг ашиглан мөнгө олох арга хэрэгсэл болгон ашигладаг хүмүүс олон бий.

Бид яагаад энэ нөлөөнд автдаг вэ? Пол Рожерс, Жанис Саул нарын 2009 онд хийсэн судалгаанаас үзэхэд дараахь 3 шалтгаан байдаг:
  • Тодорхойлолт зөвхөн өөрт нь хамааралтай гэдэгт итгэж, өөрийхөөрөө тайлбарлан хүлээн авдаг.
  • Тодорхойлогч хүний эрх мэдэл, байр сууринд итгэн хүлээн авдаг. Энгийн жишээ дурдахад “судалгаанаас үзэхэд” гэсэн үг оруулахад л хүмүүсийн итгэх итгэл нэмэгддэг шүү дээ.
  • Тодорхойлолтын ихэнх хувь нь эерэг байдаг. Та бодоод үз дээ, зурхайнд таныг хамгийн муу муухайгаар бичсэн байвал та тэрхүү тодорхойлолтонд итгэх үү?
Хэдий Барнум нөлөөний тухай 50 гаруй жилийн өмнөөс үзэж судалсан ч олон нийт үүний тухай төдийлөн мэддэггүй. Мэддэг цөөхөн хүмүүс нь нэг бол мэрэгч төлөгч эсвэл хүний нөөцийн ажилтнууд. Заримдаа зурагтаар илбэчин илбийн нууцаа илчилж байгаа тухай гарах боловч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр оролцогчийг 30 секунд сонсоод л элдвийн тодорхойлолт хэлж, зөвлөгөө өгч буй “сэтгэлзүйчдийг” шүүмжилж байгаа нь огт харагддаггүй. Энэ нь мэдээж сэтгэл судлалын шинжлэх ухааныг судалж буй хүмүүс болон мэргэжлийн сэтгэлзүйчдийн эгдүйцлийг хүргэдэг.

Дээр дурдсан туршилтыг компьютерийн програм хэлбэрт оруулан дахин оюутнууд дээр туршихад тодорхойлолт үнэн зөв гэх нь олон хэвээр. Гэсэн хэдий ч зарим нь үл итгэх хандлагатай болсон байна.

Дэлхийд 2 төрлийн илбэчин бий. Нэг хэсэг нь илбэ үзүүлэхдээ хараа, хүртэхүйн хуурмаг үзэгдэл хэрэглэдэг гэдгээ хүлээн зөвшөөрнө, нөгөө хэсэг нь яг адилхан аргуудыг ашиглан өөрийгөө ид шидтэй мэтээр олныг итгүүлдэг.

Барнумын нөлөөнөөс сурах зүйл бол өөрөө өөрийгөө үнэлж дүгнэнэ гэдэг үнэн мөн тодорхойлолт биш гэдгийг ойлгох явдал юм. Тиймээс уншигч та элдвийн сонжоо, зөвлөгөө, зурхай, илбэ, мэргэ төлөгт илүү няхуур хандаж байгаарай.

Ашигласан материал:
  • Forer, B. R. (1949). The fallacy of personal validation: A classroom demonstration of gullibility. Journal of Abnormal and Social Psychology, 44, 118-123
  • Stagner, R. (1958). The gullibility of personnel managers. Personnel Psychology, 11, 347-352.
2014/4

4.13.2014

Мөнгөний стресс болон түүний зохицуулалт


Сүүлийн үед хүмүүсийн амьдралын хэв маягт маш хүчтэй өөрчлөлт гарч байна. Тодруулбал хүмүүсийн өдөр тутмын амьдрал олон төрлийн стрессээр дүүрч байна. Үүний нэг нь хүмүүс эдийн засгийн хувьд мөнгө хэрхэн олох вэ, олсон мөнгөө хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ, сарын цалингаа хэрхэн зохицуулж амьдралдаа хүргэх вэ зэрэг зүйлсийг өдөр тутам бодож үүнээс болж “Мөнгөний стресс”-т ихээр өртөж байна. Энэ бүхнээс үүдээд хүмүүс буруу хооллх, идэвхигүй амьдрах, архи тамхи их хэмжээгээр хэрэглэх зэргээр амьдралын буруу хэв маягаар амьдарч, тэр ч байтугай мөнгө санхүүтэй холбоотой, гэр бүлээ хэрхэн тэжээх, үр хүүхдээ хэрхэн өсгөх вэ гэсэн асуудлуудтай өдөр тутамд тулгарч үргэлж стресст дарлуулж амьдарч байна. Хэрвээ энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл эрүүл мэндийн хувьд ноцтой байдалд ч хүргэж мэдэх юм.
“Буруу хэв маягаар стрессийг түр зуур аргалдаг хүмүүс богино хугацаанд таагүй байдлыг түр намдааж чаддаг ч энэ байдал нь даамжрах тусмаа илүү олон цагаар үргэлжлэх тусмаа хүнийг улам бүр стресстүүлж, стресснээс хамааралтай болгож байдаг” гэж Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн сэтгэл зүйч доктор Кетрин Нордал хэлсэн байна. “Стрессийн талаар хийгдэж буй судалгаануудаас харахад хөгжингүй улс орнуудын томоохон хотуудад стрессээс болж чихрийн шижин, зүрхний шигдээс, хэт таргалалттай болсон хүмүүсийн тоо сүүлийн үед эрс ихсэж байна. Тиймээс санхүүгийн стрессээс ангижрахын тулд эрүүл арга замыг сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгээс явуулсан судалгаанаас харахад насанд хүрэгчдийн стресс үүсгэгч гол хүчин зүйл нь мөнгө санхүүтэй холбоотой асуудал байсан бөгөөд судалгаанд оролцсон хүмүүсийн 69% нь мөнгөнөөс болж маш их стресст өртдөг ч үүнийг хэрхэн даван туулах арга замыг сайн мэддэггүй гэж хариулсан байна. Дээрхи судалгаанд оролцсон хүмүүсийн 31% нь бусад шалтгаан буюу, ажлын стресс, эрүүл мэндийн шалтгаан, гэр бүлийн асуудал гэж хариулсан байна.
Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн явуулсан санхүүгийн зорилгын талаар явуулсан судалгаанд оролцогчдын 52% нь мөнгө хуримтлуулах, 37% нь зээл төлөх, гэсэн бол үлдсэн 11% нь утга учиргүй хуримтлуулаад байдаггүй эргэлтэнд оруулдаг гэж хариулсан байна. Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгээс санхүүгийн стрессийг зохицуулах дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
  • Стрессийг тодорхойлох. Хүн бүр өөр өөр хүчин зүйлээс болж стресст өртдөг. Яг ямар шалтгааны улмаас яагаад стресст өртсөн бэ гэдгээ маш нарийн тодорхойлох хэрэгтэй.
  • Мөнгөний стрессоруудыг олох. Гэрт юмуу ажилд үүссэг санхүүгийн яг ямар асуудал үүсч, стресс үүсгэж байна вэ гэдгийг тодорхойлох нь чухал. Татвар төлөх, зээлийн хугацаа дөхөх, зэрэг ямар ч шалтгаанууд байж болно.
  • Стрессийг зохицуулдаг аргаа тодорхойлох. Ямар ч стресст өртсөн бай хүн бүрт стрессийг давах аргууд байдаг. Ихэнх хүмүүс буруу хэв маягаар өөрөөр хэлбэл тамхи татах, архи уух, буруу хооллох зэргээр стрессээ тайлдаг. Санхүүгийн стресст өртсөн хүмүүс иймэрхүү замаар стрессээ тайлах гэж оролдох нь тэднийг улам ихээр санхүүгийн хүнд байдалд оруулж байдаг.
  • Мөнгө таны хувьд ямар байр суурь эзэлдэг вэ гэдгээ сайтар ойлгох. Мөнгө бол зүгээр л таны ажил хийснийхээ төлөө авч буй үр дүн юм. Мөнгөгүй л бол амьдрах аргагүй юм шиг бодох хэрэггүй. Мөнгө олохгүй л бол амьдрал зогсож байгаа гэсэн үг биш гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
  • Стрессийг зохицуулах эрүүл аргыг сонгох. Өглөөд дасгал хийх, гүйх, гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарах зэргээр нэг талаар эрүүл мэнддээ ашигтай, нөгөө талаас санхүүгийн хувьд хэмнэлттэй аргыг сонгох хэрэгтэй. Дээрхи аргуудыг заавал бүгдийг хэрэглэх гэж зүтгээд хэрэггүй. Зөвхөн нэг аргыг л өөртөө хэвшүүлж сурах нь л чухал.
  • Мэргэжилтнүүдэд ханд. Чамайг сонсдог, чамайг ойлгодог, чамайг хамгийн сайн мэддэг гэр бүлийнхэн, эсвэл найзуудаасаа тусламж хүс. Тэд чамд стрессээс гарах хамгийн зөв шийдлийг олж өгөх хамгийн найдвартай хүмүүс юм. Хэрвээ энэ хүмүүс чамд тусалж чадахгүй байгаа тохиолдолд мэргэжлийн сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.
Л. Сарангэрэл
2014/2