12.01.2014

Барнумын нөлөө: зурхай, мэргэ, сонжоонд та хэр итгэдэг вэ?


By on 1:08 PM

“Шоон мэргэ. Энэ мэргэний аргачлал маш энгийн. Хоёр ширхэг шоог аваад хооронд нь үрээд хая. Дараа нь гарсан тоог тохирох хувилбартай нь харьцуулан тайлбарла. 10 гарсан бол та далайцтай хөдөлнө. Ойрын ирээдүйд таныг эрх мэдэл, мөнгө, асар их нөлөө хүлээж байгааг тоо гэрчилж байна.”– нэгэн сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэлээс

“Та хэр романтик хүн бэ?” “Чиний хумс ямар хэлбэртэй вэ?” “Чиний нүүр будалт юуг өгүүлнэ вэ?” гэх мэт сонжоо бөглөж үзсэн үү? Сонжоо бөглөхөд яагаад ч юм хариу нь яг л таныг хэлээд байх шиг санагддаг уу? Эсвэл мэргэч, зурхайч дээр очиход таныг нэвт хараад л хэлчихсэн тохиолдол бий юу?

Барнумын нөлөө (Barnum effect) гэдэг нь өөрсдийн тодорхойлолтыг хүлээн зөвшөөрөх хүмүүсийн итгэмтгий зан буюу хүн бүрт тохирч болох аливаа тодорхойлолтыг хэлнэ. Энэхүү үзэгдэл нь 19-р зуунд хууран мэхлэлт илбээрээ алдартай байсан бизнесмен  П. Т. Барнумын нэрээр нэрлэгдсэн үзэгдэл ба анх 1948 онд сэтгэл судлаач Бертрам Р. Форер оюутнуудынхаа дунд туршилт явуулан харуулсан. Тэрээр бүх оюутнуудаасаа бие хүний зан чанарыг тодорхойлох тест авахдаа бүгдэнд нь хэлэлгүйгээр ижил хариу өгчээ. Гэтэл оюутнууд дунджаар 5-аас 4.26 гэсэн үнэлгээгээр тестийн хариутай санал нийлж байна гэжээ.

Барнум тодорхойлолтын жишээ:
  • Та бусдаар бишрүүлж, хүмүүст таалагдахыг хүсдэг.
  • Танд өөрийн сайн чанаруудаа ашиглах нөөц боломж маш их байдаг.
  • Гаднаа өөрийгөө хянаж чаддаг ч дотроо сэтгэл тань зовних хандлагатай.
  • Та тодорхой хэмжээний өөрчлөлт, сонголтыг илүүд үздэг ч хязгаарлалт тавьж эхлэхэд дургүй.
  • Хэн нэгнээс хараат бус сэтгэгч гэж өөрөөрөө бахархдаг бөгөөд хангалттай нотлох баримтгүй тохиолдолд бусдын үзэл бодлыг хүлээн авахгүй.
  • Та өөрийгөө шүүмжлэх хандлагатай байдаг.
  • Заримдаа та зөв шийдвэр эсвэл зөв зүйл хийсэн эсэх талаар эргэлздэг.
  • Заримдаа та нийтэч, олон хүнтэй харилцах дуртай байдаг бол бусад үед дотогшоогоо, болгоомжилсон хандлагатай болчихдог.
  • Танд зарим нэг сул тал байдаг ч тэднийг нөхөх сайн чанарууд ч байдаг.

Танил сонсогдож байна уу? Тийм учраас л зурхайч, мэргэч төлөгч нарт хууртахад тун амархан байдаг. Илбэчид хүртэл энэ нөлөөллийн аргыг хэрэглэдэг. Энэ аргыг хүмүүсийн итгэмтгий занг ашиглан мөнгө олох арга хэрэгсэл болгон ашигладаг хүмүүс олон бий.

Бид яагаад энэ нөлөөнд автдаг вэ? Пол Рожерс, Жанис Саул нарын 2009 онд хийсэн судалгаанаас үзэхэд дараахь 3 шалтгаан байдаг:
  • Тодорхойлолт зөвхөн өөрт нь хамааралтай гэдэгт итгэж, өөрийхөөрөө тайлбарлан хүлээн авдаг.
  • Тодорхойлогч хүний эрх мэдэл, байр сууринд итгэн хүлээн авдаг. Энгийн жишээ дурдахад “судалгаанаас үзэхэд” гэсэн үг оруулахад л хүмүүсийн итгэх итгэл нэмэгддэг шүү дээ.
  • Тодорхойлолтын ихэнх хувь нь эерэг байдаг. Та бодоод үз дээ, зурхайнд таныг хамгийн муу муухайгаар бичсэн байвал та тэрхүү тодорхойлолтонд итгэх үү?
Хэдий Барнум нөлөөний тухай 50 гаруй жилийн өмнөөс үзэж судалсан ч олон нийт үүний тухай төдийлөн мэддэггүй. Мэддэг цөөхөн хүмүүс нь нэг бол мэрэгч төлөгч эсвэл хүний нөөцийн ажилтнууд. Заримдаа зурагтаар илбэчин илбийн нууцаа илчилж байгаа тухай гарах боловч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр оролцогчийг 30 секунд сонсоод л элдвийн тодорхойлолт хэлж, зөвлөгөө өгч буй “сэтгэлзүйчдийг” шүүмжилж байгаа нь огт харагддаггүй. Энэ нь мэдээж сэтгэл судлалын шинжлэх ухааныг судалж буй хүмүүс болон мэргэжлийн сэтгэлзүйчдийн эгдүйцлийг хүргэдэг.

Дээр дурдсан туршилтыг компьютерийн програм хэлбэрт оруулан дахин оюутнууд дээр туршихад тодорхойлолт үнэн зөв гэх нь олон хэвээр. Гэсэн хэдий ч зарим нь үл итгэх хандлагатай болсон байна.

Дэлхийд 2 төрлийн илбэчин бий. Нэг хэсэг нь илбэ үзүүлэхдээ хараа, хүртэхүйн хуурмаг үзэгдэл хэрэглэдэг гэдгээ хүлээн зөвшөөрнө, нөгөө хэсэг нь яг адилхан аргуудыг ашиглан өөрийгөө ид шидтэй мэтээр олныг итгүүлдэг.

Барнумын нөлөөнөөс сурах зүйл бол өөрөө өөрийгөө үнэлж дүгнэнэ гэдэг үнэн мөн тодорхойлолт биш гэдгийг ойлгох явдал юм. Тиймээс уншигч та элдвийн сонжоо, зөвлөгөө, зурхай, илбэ, мэргэ төлөгт илүү няхуур хандаж байгаарай.

Ашигласан материал:
  • Forer, B. R. (1949). The fallacy of personal validation: A classroom demonstration of gullibility. Journal of Abnormal and Social Psychology, 44, 118-123
  • Stagner, R. (1958). The gullibility of personnel managers. Personnel Psychology, 11, 347-352.
2014/4

Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл

Сэтгэц судлалын ухааны онол-аргазүй, туршилт, хэрэглээний чөлөөт хэвлэл.

1 сэтгэгдэл:

  1. их гоё нийтлэл байна. ямар ч зурхай төлөгт итгэдэггүй юм дөө зохимол зүйл

    ReplyDelete