Сүүлийн үед хүмүүсийн амьдралын хэв маягт маш хүчтэй өөрчлөлт гарч байна. Тодруулбал хүмүүсийн өдөр тутмын амьдрал олон төрлийн стрессээр дүүрч байна. Үүний нэг нь хүмүүс эдийн засгийн хувьд мөнгө хэрхэн олох вэ, олсон мөнгөө хэрхэн үр дүнтэй зарцуулах вэ, сарын цалингаа хэрхэн зохицуулж амьдралдаа хүргэх вэ зэрэг зүйлсийг өдөр тутам бодож үүнээс болж “Мөнгөний стресс”-т ихээр өртөж байна. Энэ бүхнээс үүдээд хүмүүс буруу хооллх, идэвхигүй амьдрах, архи тамхи их хэмжээгээр хэрэглэх зэргээр амьдралын буруу хэв маягаар амьдарч, тэр ч байтугай мөнгө санхүүтэй холбоотой, гэр бүлээ хэрхэн тэжээх, үр хүүхдээ хэрхэн өсгөх вэ гэсэн асуудлуудтай өдөр тутамд тулгарч үргэлж стресст дарлуулж амьдарч байна. Хэрвээ энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл эрүүл мэндийн хувьд ноцтой байдалд ч хүргэж мэдэх юм.
“Буруу хэв маягаар стрессийг түр зуур аргалдаг хүмүүс богино хугацаанд таагүй байдлыг түр намдааж чаддаг ч энэ байдал нь даамжрах тусмаа илүү олон цагаар үргэлжлэх тусмаа хүнийг улам бүр стресстүүлж, стресснээс хамааралтай болгож байдаг” гэж Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгийн сэтгэл зүйч доктор Кетрин Нордал хэлсэн байна. “Стрессийн талаар хийгдэж буй судалгаануудаас харахад хөгжингүй улс орнуудын томоохон хотуудад стрессээс болж чихрийн шижин, зүрхний шигдээс, хэт таргалалттай болсон хүмүүсийн тоо сүүлийн үед эрс ихсэж байна. Тиймээс санхүүгийн стрессээс ангижрахын тулд эрүүл арга замыг сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгээс явуулсан судалгаанаас харахад насанд хүрэгчдийн стресс үүсгэгч гол хүчин зүйл нь мөнгө санхүүтэй холбоотой асуудал байсан бөгөөд судалгаанд оролцсон хүмүүсийн 69% нь мөнгөнөөс болж маш их стресст өртдөг ч үүнийг хэрхэн даван туулах арга замыг сайн мэддэггүй гэж хариулсан байна. Дээрхи судалгаанд оролцсон хүмүүсийн 31% нь бусад шалтгаан буюу, ажлын стресс, эрүүл мэндийн шалтгаан, гэр бүлийн асуудал гэж хариулсан байна.
Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгийн явуулсан санхүүгийн зорилгын талаар явуулсан судалгаанд оролцогчдын 52% нь мөнгө хуримтлуулах, 37% нь зээл төлөх, гэсэн бол үлдсэн 11% нь утга учиргүй хуримтлуулаад байдаггүй эргэлтэнд оруулдаг гэж хариулсан байна.
Америкийн Сэтгэл Судлалын Нийгэмлэгээс санхүүгийн стрессийг зохицуулах дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
- Стрессийг тодорхойлох. Хүн бүр өөр өөр хүчин зүйлээс болж стресст өртдөг. Яг ямар шалтгааны улмаас яагаад стресст өртсөн бэ гэдгээ маш нарийн тодорхойлох хэрэгтэй.
- Мөнгөний стрессоруудыг олох. Гэрт юмуу ажилд үүссэг санхүүгийн яг ямар асуудал үүсч, стресс үүсгэж байна вэ гэдгийг тодорхойлох нь чухал. Татвар төлөх, зээлийн хугацаа дөхөх, зэрэг ямар ч шалтгаанууд байж болно.
- Стрессийг зохицуулдаг аргаа тодорхойлох. Ямар ч стресст өртсөн бай хүн бүрт стрессийг давах аргууд байдаг. Ихэнх хүмүүс буруу хэв маягаар өөрөөр хэлбэл тамхи татах, архи уух, буруу хооллох зэргээр стрессээ тайлдаг. Санхүүгийн стресст өртсөн хүмүүс иймэрхүү замаар стрессээ тайлах гэж оролдох нь тэднийг улам ихээр санхүүгийн хүнд байдалд оруулж байдаг.
- Мөнгө таны хувьд ямар байр суурь эзэлдэг вэ гэдгээ сайтар ойлгох. Мөнгө бол зүгээр л таны ажил хийснийхээ төлөө авч буй үр дүн юм. Мөнгөгүй л бол амьдрах аргагүй юм шиг бодох хэрэггүй. Мөнгө олохгүй л бол амьдрал зогсож байгаа гэсэн үг биш гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
- Стрессийг зохицуулах эрүүл аргыг сонгох. Өглөөд дасгал хийх, гүйх, гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарах зэргээр нэг талаар эрүүл мэнддээ ашигтай, нөгөө талаас санхүүгийн хувьд хэмнэлттэй аргыг сонгох хэрэгтэй. Дээрхи аргуудыг заавал бүгдийг хэрэглэх гэж зүтгээд хэрэггүй. Зөвхөн нэг аргыг л өөртөө хэвшүүлж сурах нь л чухал.
- Мэргэжилтнүүдэд ханд. Чамайг сонсдог, чамайг ойлгодог, чамайг хамгийн сайн мэддэг гэр бүлийнхэн, эсвэл найзуудаасаа тусламж хүс. Тэд чамд стрессээс гарах хамгийн зөв шийдлийг олж өгөх хамгийн найдвартай хүмүүс юм. Хэрвээ энэ хүмүүс чамд тусалж чадахгүй байгаа тохиолдолд мэргэжлийн сэтгэлзүйчид хандах хэрэгтэй.
Л. Сарангэрэл
2014/2
0 сэтгэгдэл:
Post a Comment