7.05.2011

Сэтгэлзүйн хүйсийг тодорхойлох тест


By on 8:03 PM


Хүн бүхэн олон янзын сэтгэлзүйн хувийн онцлог, өвөрмөц чанартай байдаг. Тэдгээрээс зарим нь аль нэг хүйсэнд хамааралгүй “универсал” байхад зарим нь эрэгтэй эсвэл эмэгтэй хүний сэтгэлзүйн онцлогийг агуулсан уламжлалт шинжтэй байх жишээтэй. Эдгээр уламжлалт шинжтэй зан төлөв нь түүхэн хувьсал-генетикийн эсвэл бие махбодын үндэслэлтэй байж болно. Жишээлбэл эрэгтэй хүнд ихэвчлэн байдаг гэж тооцогддог түрэмгийлэл болон давамгайллын хэмжээ андроген буюу эр бэлгийн даавраас хамааралтай байдаг билээ. Бусад өвөрмөц чанарын хувьд нийгэмшил, хүмүүжил болон хөгжлийн үр дүнд бүрэлдэн бий болдог. Иймээс ч эрэгтэйлэг мөн эмэгтэйлэг чанаруудын талаар нийгмийн тогтсон хандлага оршиж байдаг нь ойлгомжтой юм. Гэсэн хэдий ч эдгээр шинж чанарууд нь биологийн болон нийгмийн аль алиных нь нөлөөллөөр бий болдог. Энэ утгаараа сэтгэлзүйн хүйс гэдэг нь биологийн хүйснээс огт өөр, ялгаатай зүйл юм. “Сэтгэлзүйн хүйс” гэсэн үзэгдлийн дор яригддаг эрэгтэйлэг, эмэгтэйлэг, андрогин чанар (masculinity, femininity, androgyny) гэсэн ерөнхий 3 ойлголтыг авч үзье.

Эрэгтэйлэг чанар. Уламжлалт ёсоор эрэгтэйлэг чанарт тусгаар, өөртөө итгэлтэй, давамгай, түрэмгий, аз туршилт, бие даасан байдал болон бусад онцлог шинжүүд ордог. Christiansen К. болон Knussmann R. нарын 1987 оны судалгааны үр дүн эрчүүдийн түрэмгийлэл мөн сексийн түрэмгийлэл цусан дахь андрогены хэмжээтэй холбоотой гэдгийг батлажээ. 191 хүн оролцсон өөр нэг судалгаагаар (Lau Sing, 1989) эрэгтэйлэг хүмүүсийн хувьд өөрийн хүндлэл, тэр дундаа эрдэм мэдлэгийн хүрээнд амжилт гаргах болон гадаад үзэмж буюу бие махбодийн “Би”-ийн хувьд өөртөө итгэлтэй байдал ихээр ажиглагддаг нь тогтоогдсон байна.

Эмэгтэйлэг чанар. Эмэгтэйлэг чанарт уламжлалт хандлагаар хүлцэнгүй, уян зөөлөн, мэдрэмтгий, ичимхий, бусдыг энэрэн хайрлах, ойлгох гэх мэт хувийн онцлогууд багтдаг. Эмэгтэйлэг чанарын талаарх нийгмийн тогтсон хандлагад бие хүний ажил мэргэжлийн амжилттай карьер хамаардаггүй боловч сэтгэл хөдлөлийн олон шинжүүдийг тусгасан ажээ.




Андрогин чанар. Бий болсон төсөөллийн үүднээс авч үзвэл хүн зөвхөн аль нэг хүйсийн зан чанаруудыг өөртөө агуулах албагүй. Бие хүнд эрэгтэйлэг мөн эмэгтэйдэг чанарууд тэгш хэмжээтэй байж болно. Энэ тохиолдолд андрогин хүний хувьд эдгээр чанарууд нь харилцан зохицож, бие биенийгээ нөхдөг. Эрэгтэйлэг эмэгтэйлэг шинж чанарын зохицол нь тухайн хүнд аливаа зүйлд амархан дасан боломж олгодог хэмээн тооцогддог байна. Ингэхдээ нийгмийн харилцаанд уян зөөлөн, тогтвортой, гэнэтийн түрэмгийн зан гаргахгүй байх нь өөртөө итгэлгүй байдалтай огт холбоогүй харин эсэргээрээ өөрийн хүндлэлээ хадгалж үлдэхтэй холбоотой байдаг. Өмнө нь дурдсан судалгааны (Lau Sing, 1989) үр дүнд андрогин хэв шинжийн хүмүүс эрэгтэйлэг хүмүүстэй харицуулахад тэднээс амжилтын хэрэгцээгээрээ дутахааргүй бас багагүй хэмжээнд өөрийгөө хүндэлдэг болох нь харагджээ.


Бие хүний сэтгэлзүйн хүйсийг тодорхойлох тест


С. Бем-ийн аргачлал

Энэхүү аргачлалыг сэтгэлзүйн хүйсийг тодорхойлох, тэр дундаа андрогин хэв шинж болон эрэгтэй эмэгтэй шинж чанарын түвшинг тогтоохын тулд Сандра Бем 1974 онд гаргажээ. Нийт 60 шинж чанар өгөгдсөнөөс Та өөрөө тохирч байвал “тийм”, зохицохгүй байвал “үгүй” гэж хариулна.


1. Өөртөө итгэлтэй

2. Бууж өгч чаддаг

3. Тусч

4. Өөрийн үзэл бодлоо хамгаалдаг

5. Амьдралын баяр баясгаланг мэдэрч чаддаг

6. Дүнсгэр

7. Хараат бус

8. Ичимхий

9. Үнэнч шудрага, ухамсартай

10. Спортод сонирхолтой, эрүүл чийрэг

11. Цайлган

12. Уран сайхны мэдрэмжтэй

13. Идэвхтэй

14. Магтаалд дуртай

15. Азтай

16. Хурц зан чанартай

17. Аливаа зүйлд үнэнч, тууштай

18. Тааварлашгүй

19. Хүчтэй

20. Эмэгтэйлэг

21. Найдвартай

22. Дүн шинжилгээ хийдэг

23. Өрөвдөж энэрч чаддаг

24. Хартай

25. Удирдах чадвартай

26. Хүмүүсийг халамжлагч

27. Шулуун шудрага

28. Эрсдэл гаргаж чадах

29. Бусдыг ойлгодог

30. Нууцлаг

31. Хурдан шийдвэр гаргадаг

32. Өрөвч

33. Чин үнэнч

34. Зөвхөн өөртөө л итгэдэг

35. Хүнийг тайвшруулж чаддаг

36. Бардам

37. Захирангуй

38. Сул дуутай

39. Сэтгэл татам

40. Эршүүд

41. Халуун дотно, эелдэг

42. Чухал

43. Өөрийн гэсэн байр суурьтай

44. Уян зөөлөн

45. Нөхөрсөг

46. Түрэмгий

47. Итгэмтгий

48. Бүтээлч бус

49. Бусдыг удирдан чиглүүлэх хандлагатай

50. Хүүхэд шиг

51. Юманд амархан дасан зохицдог

52. Хувиа бодсон

53. Хэрүүл маргаанд дургүй

54. Зохион байгуулалт муутай

55. Тэмцэгч

56. Хүүхдэд хайртай

57. Эв дүйтэй

58. Нэр хүндэд дуртай

59. Тайван

60. Хуучинсаг

Түлхүүр

Эрэгтэйлэг чанар («тийм»): 1, 4, 7, 10, 13, 16, 19, 22, 25, 28, 31, 34, 37, 40, 43, 46, 49, 52, 55, 58

Эмэгтэйлэг чанар («тийм»): 2, 5, 8, 11, 14,17, 20, 23, 26, 29.32, 35, 38, 41,44, 47, 50, 53, 56 ,59

Түлхүүрт тохирсон хариулт болгонд 1 оноо. Дараагаар нь эмэгтэйлэг (F) ба эрэгтэйлэг (М) чанар гэсэн үзүүлэлтүүдийг дараах томъёогоор илэрхийлнэ:

F = (эмэгтэйлэг чанарын нийлбэр дүн): 20

М = (эрэгтэйлэг чанарын нийлбэр дүн): 20

Үндсэн гол индекс болох IS дараахь байдлаар тодорхойлогдоно:

IS = (F – M) : 2,322

Хэрэв IS-ын хэмжээ -1-ээс +1 хооронд байвал андрогин, -1-ээс бага тохиолдолд эрэгтэйлэг, +1-ээс дээш байвал эмэгтэйлэг хэв шинж гэж тооцно. Үүнээс IS < -2,025 тохиолдолд эрэгтэйлэг шинж чанарын, харин IS > +2,025 байвал эмэгтэйлэг шинж чанарын тод илрэл хэмээн тооцогддог.


Эх сурвалж: Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл 2011/2

Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл

Сэтгэц судлалын ухааны онол-аргазүй, туршилт, хэрэглээний чөлөөт хэвлэл.

0 сэтгэгдэл:

Post a Comment