8.10.2011

Эрэгтэй эмэгтэй хүмүүс сайн найзууд байж чадах уу?


By on 12:40 AM

Хэрэв эрчүүд Ангарагаас, эмэгтэйчүүд Сугараас ирсэн юм бол тэд жинхэнэ найзууд байж чадна гэж үү? Үгүй л болов уу. Ямар ч халуун цуст, гетеросексуал эрэгтэй эмэгтэйн хооронд үүсэх бэлгийн дур хүслийг үүнд буруутгаж болох юм. Эсвэл эсрэг хүйсний хүнтэй найзууд болох хардаж сэрдэх эргэн тойрныхныг нь ч буруутгаж болно. Энд эрчүүд бүсгүйчүүдийн ялгааг ч дурдах хэрэггүй. Тэгэхээр энэ бол боломжгүй зүйл. Тийм биз дээ?
“Үгүй” гэж харилцааны мэргэжилтнүүд хэлж байна. “Эсрэг хүйсний хүмүүс жинхэнэ найзууд байж чадахгүй гэсэн итгэл үнэмшил нь ажил хийдэг эрэгтэй, гэртээ суудаг эмэгтэйг хайр дурлал л нэгтгэдэг байсан тэр эрин үеэс л гаралтай” хэмээн сэтгэл судлаач Линда Сападин тайлбарлав. Харин одоо цагт аль ч хүйсний хүмүүс хамтдаа ажиллаж хөдөлмөрлөн, ижил зүйл сонирхож, нийгмийн харилцаанд ижил тэгш оролцох болжээ. Соёлын энэхүү өөрчлөлт нь сэтгэл судлаач, социологич мөн харилцааны мэргэжилтнүүдийг шинэ үзэл санаа гаргахад хүргэж байна: их ээдрээтэй боловч эрэгтэй эмэгтэй хүмүүс дотно найзууд болж чадна. Үүгээр барахгүй үүнд давуу талууд ч бий гэнэ.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд хүүхэд төрүүлж амьдралын нөхөн үржихүйн шаардлагыг хангах хайр дурлалын харилцаа л орших ёстой гэж нийгэм олон жилийн турш үзсээр ирсэн. Харин эсрэг хүйсний хүнтэй нөхөрлөх асуудлыг огт авч хэлэлцдэггүй байлаа. Хайр дурлалын харилцаанд (сээтэн хаях, үерхэх, гэрлэх, хүүхэдтэй болох) тэр байтугай жирийн нөхөрлөлд хүртэл (хөвгүүд хамтдаа ямар нэгэн үйлд оролцох, охид бие биетэйгээ ярилцаж хуваалцах) хэрхэн биеэ авч явах талаар бичигдээгүй дүрэм үйлчилдэг.
Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тогтоосон. Голливудын кинонуудаас л хүмүүс эрэгтэй эмэгтэй хүмүүс найзууд байж чаддаггүй, эцэст нь ямар нэг хайр дурлалын асуудалд орооцолддог гэсэн ойлголтыг авдаг. Колорадо их сургуулийн профессор,  Michael Monsour хэлэхдээ “Телевизээр гардаг бараг ихэнх эрэгтэй эмэгтэй найзуудын нөхөрлөл эцэст нь хайр дурлал болчихдог” гэжээ. Та “Найзууд” олон ангит киноны Моника Чандлер хоёрыг л санаарай. Үүнтэй төстэй олон жишээ бий. Соёлын эдгээр дүр зургыг үл тоомсорлох хэцүү, тиймээс ч бид эрэгтэй эмэгтэй найзуудыг хайртай хосууд болохоос өөр гарцгүй гэдэгт итгэдэг биз ээ.
Гэвч энэ нь тулгардаг асуудлуудын зөвхөн нэг жишээ. Don O'Meara (Ph.D) хэмээх эрдэмтний хийсэн судалгаагаар эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрлөлд доорх саад бэрхшээлүүд тулгардаг ажээ. Тэрээр анх судалгаагаа өөрийн хамгийн сайн найз эмэгтэйн “Бидэн шиг ийм сайхан нөхөрлөлтэй хүмүүс байдаг болуу?” гэсэн асуултнаас эхэлсэн.
1-Р СААД
Харилцаагаа тодорхойлох: Найзууд уу эсвэл хосууд уу?
Найз нөхдийн хайр байдаг гэдэгт o'meara итгэлтэй байгаа аж. Journal of social and personal relationships сэтгүүлд хэвлэгдсэн 20 хос найзуудаас авсан судалгаа ч үүнийг баталж байгаа  юм. Энэхүү судалгаанаас эрдэмтэн Heidi Reeder эрэгтэй эмэгтэй найзуудын нөхөрлөлд “таталцал” оршдог ч хайр дурлалын, сексийн, найрсаг мэдрэмжүүдийн хооронд уусаж, тодорхойлоход хэцүү байдаг  гэж үзжээ.
O’Meara-ын үзэж байгаагаар бидний тодорхойлж өгөөгүй л бол эсрэг хүйстний хооронд ямар мэдрэмж байж болох эсэхийг хүмүүс мэддэггүй. Та хэн нэгэнд хайртай, гэхдээ хамт болзоонд явж, гэрлэх хүсэл төрөхөөр тийм их биш. Энэ юу гэсэн үг вэ?
2-Р СААД
Таталцлыг даван туулах: Сексийн тухай ярицгаая
Эрэгтэй эмэгтэй найзуудын нөхөрлөлд дур хүсэл үргэлж хаа нэгтээ нуугдаж гэнэт л бүх зүйлд саад учруулж болзошгүй. Энгийн нэг тэврэлт л арай өөр юм илэрхийлж буй мэтээр санагдаж болно. O’Meara хэлэхдээ “Та найзтайгаа найзуудын хийдэг л юмыг хийх гэтэл таны эрэгтэй-эмэгтэй талууд саад блдж эхлэнэ” гэжээ. Хүссэн хүсээгүй найз нөхдийн харилцаанд таталцдыг үл ойшооход хэцүү.
Дээр дурдсан сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд Sapadin 150 хүнээс тэдний эсрэг хүйсний нөхөрлөлийн юунд дуртай дургүйг асуухад эмэгтэйчүүдийн дургүй зүйлсийн жагсаалтыг дур хүсэл тэргүүлжээ. Харин нөгөө талаас эрчүүдийн хувьд энэ нь нөхөрлөл үүсэх гол шалтгаануудын нэг төдийгүй илүү гүнзгийрүүлж ч болно хэмээн хариулж байв. Аль ч тохиолдолд судалгаанд оролцогчдын 62% нь эрэгтэй эмэгтэй найзуудын хооронд дур хүсэл байдаг гэж хариулжээ.
3-Р СААД
Тэгш байдлыг бий болгох нь: Хүчний зохицуулалт
Нөхөрлөлд талууд тэгш байх ёстой. Эрчүүд илүү их эрх эдэлдэг соёлд эсрэг хүйсний хүнтэй найз нөхдийн холбоо үүсгэхэд эрэгтэй нь давамгайлах хандлага их байдаг. Бүсгүйчүүд энэ тохиолдолд ухамсаргүйгээр хүлцэнгүй болох, дагах хандлагатай ч нийгэм аль аль хүйсийг тэгш хэмээн үзэж эхэлснээр энэ нь бага багаар өөрчлөгдөж байгаа билээ.
4-Р СААД
Олны өмнө: Үл итгэгчид
Ямар ч сексийн холбоогүй эрэгтэй эмэгтэй хүмүүс найзууд болно гэдгийг нийгэм хүлээн зөвшөөрөхөд хараахан бэлэн биш байж болох юм. Эсрэг хүйсний сайн найзтай хүнийг эргэн тойрны хүмүүс нь ёжтойгоор харж “Та 2 зүгээр л найзууд гэж үү?” хэмээн асуух нь элбэг тохиолддог. “Ялангуяа эрэгтэй эмэгтэй хүмүүс гэрлэлтээс өмнө бие биедээ ойртож болохгүй үед өссөн хүмүүсийн хувьд энэ нь үнэхээр бодит байдал юм” гэж O’Meara хэлэв.
5-Р СААД
Уулзах газар: Найзаа олох
Ажлын байр болон бусад нийгмийн талбар эмэгтэйчүүдэд илүү нээлттэй болсноор аль ч хүйсийн хүмүүс бие биетэйгээ илүү их харилцах болжээ. Гэсэн хэдий ч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондоо харилцах боломж бага байсаар л байна.
Бага ангид байхдаа л охид хөвгүүд хүйсээр хуваагдсан бүлгүүдийг үүсгэдэг. Шилжилтийн насан дээр ирэхээр бие биенийгээ хос болох хүн гэж хардаг болохоос найз гэж хардаггүй. Яагаад гэвэл өмнө нь хэзээ ч бие биенийгээ найзын хувиар харж байгаагүй учраас тэр. Энэ үзэгдлийн гол хүчин зүйл нь хүүхдүүд өөртэй нь ижилхэн биеэ авч явдаг хүүхдийг илүү сонирхдогт оршино. “Сайн дурын хүйсийн хуваагдал” гэж нэрлэгддэг энэ үзэгдэл нас бие гүйцэхэд ч үргэлжилсээр байдаг. Үүнийг үдэшлэг дээр 2 талд хуваагдан зогссон эрчүүд, бүсгүйчүүдээс харж болно.
Эдгээр саад бэрхшээлүүд олон, хүнд хэцүү мэт боловч эрэгтэй эмэгтэй хүмүүс найз болж болохоос гадна энэ нь нэг төрлийн хэрэгцээ болжээ. Өнөөгийн нийгэмд эрэгтэй эмэгтэй хүмүүс хамт ажиллаж, оршин тогтнохын тулд бие биенийгээ ойлгож, харилцаж сурах хэрэгтэй. Үүнийг Sapadin, Monsour, O’Meara гэх мэт эрдэмтэд судалжээ. Энэхүү талбар одоогоор бүрэн судлагдаагүй байгаа ч бид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрлөлийн талаар гол гол үнэнийг мэдэж авлаа:
1-Р ҮНЭН
Нөхөрлөл бол тэгш бус боломж
Шилжилтийн нас хүрэхэд л охид хөвгүүд бие биетэйгээ ойртож энэ байдал нь их сургуульд үргэлжилдэг. Харин хайр дурлалын холбоо үүсгэх эсвэл гэрлэхэд эсрэг хүйсний нөхөрлөлийг бий болгох, хадгалж үлдэхэд хэцүү болдог. Хамгийн бат бөх гэр бүлийн нэг гишүүн нь гэрлэлтээс гадуур өөр нэг хүнтэй сайн найзууд болохыг хэн ч хүсэхгүй л байх.
Нас ахих тусам эсрэг хүйсний хүнтэй найзууд болох нь багасна. “Томчуудын нөхөрлөл” номны зохиолч Rosemary Blieszner-ын үзэж байгаагаар настай хүмүүс маш ховорхон тохиолдолд л эсрэг хүйсний найзтай болдог ажээ. Түүний судалгаагаар настай эмэгтэйчүүдийн 2% нь л эрэгтэй хүнтэй нөхөрлөлийн холбоо үүсгэдэг байна.
2-Р ҮНЭН
Эсрэг хүйсний нөхөрлөл эрчүүдэд илүү ашигтай
Эмэгтэйчүүд, эрчүүдийн тус тусын нөхөрлөл хоорондоо ялгаатай байдаг нь батлагдсан. Бүсгүйчүүд өөрсдий бодол санаа мэдрэмжээ хуваалцан ярилцаж суух нь их байдаг бол эрчүүдийн хувьд илүү бүлгийн шинжтэй байдаг. Эрчүүд хамтдаа спортоор хичээллэх, аялал зугаалганд явах, сүүлийн үеийн мэдээ статистик ярих дуртай байдаг боловч өөрсдийн мэдрэмжийн талаар төдийлөн бусдад дэлгээд байдаггүй. Үүнээс үүдэн эсрэг хүйсний харилцаа эмэгтэйчүүдээс илүү тэдэнд ашигтай байдгыг тайлбарлаж болох юм.
Sapadin-ы судалгаанаас харахад эрчүүдийн хувьд эмэгтэй хүнтэй нөхөрлөх нь эрэгтэй хүнтэй байснаас илүү их халамж анхаарал, таатай сэтгэгдэл төрүүлдэг болох нь тогтоогджээ. Эрэгтэй хүмүүс ижил хүйсний найзуудтайгаа ярьж чадахгүй зүйлээ эмэгтэйчүүдтэй хуваалцах боломжтой гэдгийг онцолсон байна. Blieszner-ын хэлснээр “Эмэгтэй хүн эмэгтэй хүндээ найддаг. Эрэгтэй хүн ч бас эмэгтэй хүнд найддаг”.
3-Р ҮНЭН
...эмэгтэчүүдэд ч гэсэн ашигтай шүү дээ
Эмэгтэйчүүдийн хоорондын нөхөрлөлийн хувьд тэр их сэтгэл мэдрэмжийг хуваалцах ярилцлага заримдаа залхмаар санагдах тохиолдол бий. Харин эрчүүдтэй бол бүх зүйл илүү хялбар бас зугаатай. Sapadin-ы судалгаанд бүсгүйчүүд эсрэг хүйсний нөхөрлөлд эрчүүдийг ах шигээ санаж аюулгүй байдлыг мэдэрдэг нь таатай санагддаг нь батлагджээ. Үүнээс гадна хамгийн их таалагддаг зүйл нь эрчүүдийн дотор юу болж байдгыг ойлгох гэж эмэгтэйчүүдийн ихэнх нь хариулсан байна.
4-Р ҮНЭН
Эсрэг хүйсний нөхөрлөл нь сэтгэл санааны хувьд ашигтай
Зүүн Кентаккигийн их сургуулийн эрдэмтэн Kathy Werking-ын үзэж байгаагаар хэдийгээр эмэгтэйчүүдэд эрчүүдийн юмыг хөнгөн хүлээж авдаг нь таалагддаг ч үнэн хэрэг дээрээ тэдний нөхөрлөл эрэгтэй гэхээсээ илүү эмэгтэй хүмүүсийн нөхөрлөлийн санагдуулдаг. Түүний хийсэн судалгаанаас харахад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хамтдаа хийдэг ганц зүйл нь нэгбүрчлэн ярилцах ажээ. Хамт хооллох эсвэл зугаалах гэх мэт үйлдлүүд нь зүгээр л ярилцах боломжийг нь олгодог. Үнэндээ эрчүүд эмэгтэйчүүд бие биенийгээ сэтгэл санаагаар нь дэмжихдээ маш сайн байдаг гэнэ. Иймэрхүү нөхөрлөлд эрчүүдийн хооронд байдаггүй зүйлийг санал болгодог бол эмэгтэйчүүдэд эрчүүдийн санал бодлыг мэдэхэд тусалдаг юм байна.
5-Р ҮНЭН
Энэ бүгд заавал сексийн тухай байх албагүй
Бодит байдал дээр секс тийм ч хамаатай биш. Энэ нь тэдний бэлгийн чиг хандлага, бие махбодын “таталцал” байхгүй эсвэл өөр хэн нэгэнтэй хайр дурлалын харьцаатай байдагтай нь холбоотой. Ер нь бие биедээ татагддаг найзууд илүү гүнзгий харилцаанд орвол одоо байгаагаа алдаж магадгүй гэдгийг ухамсарладаг ч байж болно. Хэн нэгнийг найзаа гэж олон жилийн турш боддог байсан хүмүүст тэднийг өөр нүдээр харахад хэцүү болдог.
Эрэгтэй эмэгтэй найзуудын хооронд үүсэх дур хүслийг эрт дээр нь ярилцаж шийдвэрлэсэн нөхөрлөл илүү удаан үргэлжлэх магадлалтай байдаг. Оюутнуудын оролцсон нэгэн судалгаагаар оролцогчдын 67% нь эсрэг хүйсний найзтайгаа бэлгийн харьцаанд орсон гэсэн бол яг эдгээр хүмүүсийн 56% нь харилцаагаа илүү гүнзгийрүүлж хайр дурлал болгоогүй гэж хариулжээ. Үүнээс үзэхэд хүмүүс сексээс илүү нөхөрлөлийг илүүд үздэг байхнээ.
6-Р ҮНЭН
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл нь тодорхой бодлоготой байдаг
Эрчүүд бүсгүйчүүдэд маш олон ижил сонирхол, эрх тэгш боломж байдаг. Хэрэв эрэгтэй эмэгтэй хүмүүс харилцаанд тэгш эрх эдлэхгүй л бол тэд найзууд биш. Одоо үеийн хүүхдүүд хөвгүүд нь хүүхэлдэйгээр тоглож, охидууд нь боксоор хичээллэж болно гэсэн ойлголттой өсөн торниж байгаа ба эцэст нь тэдний зам хаа нэгтээ заавал нийлдэг.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нийгмийн үүрэг ижилсэж байгаа нь тэднийг илүү андрогин хэв шинжтэй болгож байна. Эрэгтэй хүмүүс эмэгтэй шинж чанартай болж, эмэгтэйчүүд нь шийдэмгий зан гэх мэт эрэгтэйлэг уламжлалт шинжтэй болсон. Monsour-ын хийсэн ажлаас харахад андрогин хэв шинжийн хүмүүс эсрэг хүйстэнтэйгээ нөхөрлөх тохиолдол 2 дахин их байдаг нь тогтоогджээ.
Хэдий олон саад бэрхшээлтэй ч эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл ямар ч байсан боломжтой зүйл гэж эрдэмтэд итгүүлж байна. Afifi, Reeder нарын судалгаанаас харахад болсон дур хүслийн талаар бие биетэйгээ ярилцаж, асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд л эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл нь илүү бат бэх болдог ажээ.
Werking хэлэхдээ нөхөрлөлөө хадгалж үлдэхийн тулд “Сексийг талаар шууд ярилцах нь хамгийн зөв арга” гэв. Асуудлыг булзайруулж үл ойшоох тусам байдал хүндэрнэ. Эцсийн эцэст эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нөхөрлөл мөн хайр дурлалын харилцаанд төстэй нэг тал бий: бүх юм сайхан байгаасай гэж хүсэж байвал бие биетэйгээ харилцах хэрэгтэй.
Судлаачид бидэнд эрэгтэй эмэгтэй хүмүүс найзууд байж чадна гэж хэлж байна. Гэхдээ бид тэдэнд итгэж болох уу? Match.com сайтаас явуулсан 1,450 гаруй оролцогчтой санал асуулгаас харахад хүмүүс энэ тал дээр өөдрөг хандлагатай байдаг нь харагдаж байна.
  1. Та эрэгтэй эмэгтэй хүмүүс найзууд байж чадна гэдэгт итгэдэг үү?
Тийм: 83%
Үгүй: 11%
Эрэлзэж байна: 6%
  1. Танд энгийн нөхөрлөлийн хүрээнээс давж романтик эсвэл сексийн харьцаатай болсон эсрэг хүйсний найз байсан юу?
Тийм: 62%
Үгүй: 36%
Эрэлзэж байна: 2%
  1. Нөхөрлөлийн дотно байдлыг хүсэл тачаал гэж хэн нь буруу хүлээн авдаг вэ?
Эрчүүд: 64%
Бүсгүйчүүд: 25%
Эрэлзэж байна: 11%
  1. Анх таны амьдрал найзын хувиар орж ирсэн хүнд хайртай болж болох уу?
Тийм: 94%
Үгүй: 4%
Эрэлзэж байна: 2%
  1. Та хэн нэгэнд хайртай болоход тэр хүн чинь найз чинь байгаасай гэж хүсэж байна уу?
Тийм: 71%
Үгүй: 9%
Эрэлзэж байна: 20%
  1. Эсрэг хүйсний хүнтэй нөхөрлөхөд хэн нь сексийн дур хүслээ барихдаа сайн бэ?
            Эрчүүд: 13%
Бүйсгүйчүүд: 67%  
Эрэлзэж байна: 20%

Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл

Сэтгэц судлалын ухааны онол-аргазүй, туршилт, хэрэглээний чөлөөт хэвлэл.

2 сэтгэгдэл:

  1. goy setguul, goy website bn,, ushuu olon medeelel oruulna gej naidaj bn..

    ReplyDelete
  2. Дөнгөж саяхан гарсан Love, Rosie кинондээр хайр дурлалаар төгсөх шив кино л юм да. миний хувьд бол эрэгтэй эмэгтэй хүмүүс хайр дурлалруу орчихгүй байж болдог гэж үзэж байгаа

    ReplyDelete