7.27.2011

Сурах дадлаа хэрхэн сайжруулж болох вэ?


By on 3:12 PM

Нэгэн сэтгэл судлаач, оюутан сурагчдад сурах дадлаа сайжруулахад нь туслах зорилгоор хөтөлбөр зохиож, сайн дурынхны нэг бүлгийн оюутнуудад зориулан туршилт явуулжээ. Хөтөлбөрийн дагуу оюутнууд номын санд очоод сонирхож буй ном, хийхээр төлөвлөсөн зүйлээ аваад шинэ өрөөнд орж, цагаа харах ёстой аж. Тэд номоо уншиж, сонирхсон зүйлээ хийсээр нойр нь хүрэх юмуу залхаж, уйдмагцаа хийж буй зүйлээ орхиод цагаа харж, номын сангаас гарах болно. Харин өрөөнөөс гарахын өмнө дор хаяж номын нэг хуудсыг уншсан, эсвэл нэг асуудлыг шийдсэн байх хэрэгтэй. Номын сангаас гараад тэд найзтайгаа утсаар ярих, аяга кофе уух зэргээр дуртай зүйлээ хийж болно. Дараагийн өдөр урьд өдрийнх шигээ ажиллах боловч тэдний унших, хийх зүйл нь урьдынхаас дахин нэмэгдэх ёстой. Гурав дахь өдөр мөн л хоёр дахийнхаас хоёр дахин нэмж уншиж судална. Өөрөөр хэлбэл эхний өдөр нэг хуудсыг, хоёр дахь өдөр хоёр хуудсыг, гурав дахь өдөр гурван хуудсыг гэх зэргээр үргэлжлүүлэх юм. Оюутнууд ч энэ зааврын дагуу ажилласан бөгөөд тэд сонирхсон зүйлээ хэдийчинээ тэвчээртэй, удаан хугацаагаар сууж хийнэ, төдийчинээ үр дүнд хүрч болохыг судалгаагаар тогтоожээ.
Яагаад энэ журмаар ажиллах хэрэгтэй гэж? Нэгдүгээрт, ихэнх оюутнууд багшийн өгсөн даалгаврыг хийх гэж анхаарлаа сарниулахгүйн тулд номын санд суудаг боловч ном шагайхаас биш юу ч ойлгохгүй байх үе байдаг. Энэ нь олон давтагдах тусам сурах үйл явцыг аймшигтай, залхуутай зүйл болгож хувиргадаг. Номын сан чиний хувьд тохь тухгүй, үзэн яддаг, дахиад тэнд очмооргүй тийм газар болж хувирна.
Сурахын тулд хүчээр юм хийж, шийтгэл амсаж байгаа мэт сөрөг сэтгэгдлийг бий болгохгүйн тулд хийж буй зүйлээсээ уйдаж, залхмагц орхиж байхыг уг заавартаа сануулж байгаа юм. Нэг ном уншиж байгаад, эсвэл аль нэг хичээлийн даалгавар зэргийг хийж байгаад залхуу хүрэх юмуу, болимоор санагдвал тэр дор нь зогсоогоод дахин өөр хичээл, дуртай зүйлээ хийх нь “шийтгэл” мэт сөрөг сэтгэгдлийг үлдээхгүй байхаас зайлсхийсэн хэрэг юм. Тиймээс тэднийг энэ зааврын дагуу ажиллахдаа хийхийг хүссэн, сонирхсон зүйлээ л өрөөнд авч орохыг шаардана.
Хоёрдугаарт, ямар нэгэн зүйл хийсний дүнд ахиц дэвшил гарах ёстой. Оюутнууд нэг хуудсыг, хоёр хуудсыг бүр хорин хуудсыг ч уншиж болно, гагцхүү тэдний бие даах чадвар нэмэгдэж, “сурах” гэдэг залхмаар зүйлээс зугатахгүй болгоно. Даалгавар тийм ч хүнд биш байна.
Эцэст нь, их бага ч хийсэн зүйлээ орхиод гарахдаа тэд хийсэн, мэдсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх бөгөөд гараад дуртай зүйлээ хийх чөлөөт цаг байгаад баярлах болно. Ингэснээр тэд цаашид сурах идэвх сонирхолтой болж, бие даан ажиллаж сурах болно. \Фокс, 1966\ Та бүхэн энэ зааврын дагуу ажиллаад, өөрсдийгөө туршаад үзээрэй.

Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл

Сэтгэц судлалын ухааны онол-аргазүй, туршилт, хэрэглээний чөлөөт хэвлэл.

1 сэтгэгдэл:

  1. Санаа авлаа. Хэрэгтэй зөвлөгөө байна.

    ReplyDelete