7.27.2011

Урлаг ба сэтгэл судлал


By on 2:45 PM

Хүн урт удаан хөгжлийнхөө явцад өөрийнхөө дотор орших үгээр илэрхийлж боломгүй тийм бурханлаг зүйлийг мэдрэх болж, тэр зүйлээс туйлын баяр баясгаланг олох болжээ. Өөрөөр хэлбэл тэр зүйл нь асар их хүч чадлыг хүнд өгч, үлэмж гоо сайхан, ер бусын гайхамшгийг хүний зүрхэнд бадраасан ажээ. Үүний ачаар хүн өөрөө сайхныг мэдрэх болсон бөгөөд энэ хүч чадлын эх сурвалж нь хүний мөн чанараас ундран гарч буй агуу их хүчний сэжим нь байсан юм. Үүнийг хүн үгээр хэлж, үзгээр бичиж, үйлдлээр харуулж чадашгүй байсан тул үүнийг илэрхийлэх аргыг нээж олжээ. Тэр нь урлаг юм. Хэрвээ урлагийг үгээр илэрхийлнэ гэвэл модыг чихээрээ харахтай адил байх боломжгүй зүйл. Тиймээс хүмүүс дуулж, хөгжим тоглож, зураг зурж, чулуугаар урлаж эхэлжээ. Ингэснээр тэд өөрсдийн дотор буй зүйлүүдээ дүрсэлдэг болсон аж. Хэн нэгэнд дурлавал түүний өмнө дуулж, сүр хүчит байгалийг цаасан дээр буулгаж, уурласан, баярласан, гомдсон, шоолсон, бахархсан, гайхсан гээд бүхэл сэтгэлийн хөдөлгөөнөө хүн өөрөө урлах болсон нь нэг ёсондоо урлаг байсан гэж ойлгож болох ба бидний сэтгэлийг бодит болгон урласан тэр л зүйлс өөрөө урлаг юм. Өөрөөр хэлбэл сэтгэлд буусан дүр зургууд, мэдрэмжүүдийн проекц болж буусан зүйлс урлаг билээ.
Олон мянган жилийн турш хүн төрөлхтөн урлагт тодорхой хэмжүүрийн үүднээс хандахыг эрмэлзэж байсан ч тэр нь орчин үеийн чөлөөт нийгэмд боломжгүй болсон юм. Учир нь урлагийн бүтээлчид илүү чөлөөтэй, илүү шинэ санаануудыг гаргахыг зорих болж, ингэсээр урлагт хэм хэмжээ алдагдаж эхэлжээ. Үүний үр дүнд олон арван урсгал чиглэлүүд гараад зогсоогүй, чанартай, өвөрмөц шийдэл бүхий, гайхамшигт санаануудыг уран бүтээлчид нээх болсон ч нөгөө талдаа үнэ цэнэгүй, ядмаг бүтээл болон бүтээлчдийг төрүүлэх болжээ. Гэхдээ урсгал чиглэлүүд муу бүтээлчдийг төрүүлдэг юм биш. Муу урсгал гэж байдаггүй бөгөөд гагцхүү муу уран бүтээлчид гэж байдаг байна. Сайн буюу чанартай бүтээлүүд нь хүний оюун ухаан болоод сэтгэл санаанд эерэг нөлөөг үзүүлж байдаг бол муу буюу чанаргүй бүтээлүүд гэдэг нь эсрэгээр сөрөг нөлөөллүүдийг хүнд үзүүлдэг.
Сэтгэл судлалд урлагийн сэтгэл судлал хэмээх нэгэн салбар байх ба энэхүү салбар нь хоёр үндсэн хэсэгт хуваагдаж болох юм. Эхнийх нь урлагийн бүтээлүүдийг туурвихад уран бүтээлчид нөлөөлсөн хүчин зүйлүүд буюу түүний дотоод мэдрэмж бүтээлд хэрхэн нөлөөлж болохыг судлах, дараагийнх нь тэрхүү урлагийн бүтээл нь хүмүүст хэрхэн нөлөөлж байгааг судлах юм. Дээрх хоёр хэсгийн эхнийх нь тун төвөгтэй ба судлахад маш их хүндэрлүүд гардаг. Яагаад гэвэл уран бүтээлчийн мэдрэмжүүдийг тухайн нөхцөлд илрүүлж судлана гэдэг тийм ч хялбар байдаггүй. Уран бүтээлчийн дотоод ертөнц үргэлж хувирч өөрчлөгдөж байж болох тул тухайн нэг цаг үед болж буй түүний сэтгэл зүйн байдал чухам ямар байсан учраас түүний бүтээлд хэрхэн нөлөөлсөн бэ гэдэг асуулт тулгарна. Үүнийг нарийн тогтоохын тулд түүний бүхий л бүтээлүүдийг амьдарлынх нь үеүдтэй холбон судлах хэрэгтэй болдог. Гэвч энэ нь найдвартай, бодитой байж чадах эсэх нь эргэлзээтэй.
Харин сүүлийн хэсэг нь туршилт судалгаа явуулахад илүү хялбар байдаг байна. Урлагийн бүтээлүүдийг хүлээн авч буй олон түмэн нэг талаар урлагийг чанаржуулахад түлхэц үзүүлдэг ч бас нөгөө талдаа урлагийг доройтуулах хүч болж байдаг. Тиймээс олон түмний сэтгэл зүйн байдлыг тухайн цаг үеийн урлагтай холбож авч үзэх нь зүйтэй гэж болно. Олон түмний сэтгэл зүй урлагт нөлөөлөх нь илүү урт удаан хугацааных байдаг тул нээж илрүүлэх болон судлахад илүү хялбар байдаг ажээ. Хүн гэдэг давтагдашгүй бурханлаг мөн чанартай байгаагүйсэн бол урлаг болоод сэтгэл судлал хоёулаа байх боломжгүй юм. Нэг талаас хүний сэтгэл өөрөө урлаг бол өөр нэг талаасаа урлаг гэдэг нь сэтгэл билээ. 

Л. Төрбурам
Сэтгэлзүйн Боловсрол  2010/3

Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл

Сэтгэц судлалын ухааны онол-аргазүй, туршилт, хэрэглээний чөлөөт хэвлэл.

0 сэтгэгдэл:

Post a Comment