Заримдаа хүмүүс ямар нэгэн хөгжим сонсоод “хамаг биеэр нь хүйт оргиод, бие арзайчихлаа” гэлцдэд. Арьс биржгэр болох энэхүү үзэгдлийг пилоэрекци (piloerection) гэж нэрлэдэг ажээ. Яагаад аливаа дуу хөгжим, уран зураг эсвэл байгалийн үзэсгэлэн бидэнд ингэж нөлөөлдөг юм болоо? Энэхүү үзэгдлийг бидэнд ойлгуулах түүхэн хувьслын тайлбар бий юу?
Хамгийн сонирхолтой тайлбарын неврологич Jaak Panksepp өгчээ. Түүний үзсэнээр уйтгартай дуу хөгжим, цээлхэн сопрано хоолой эсвэл огцом чангарах хөгжмийн зэмсэг пилоэрекцийг бий болгодог.
Үүний тод жишээ бол алдарт дуучин Whitney Houston-ы “I will always love you” дууны 3-р дахилтын эхний мөрүүд билээ. Panksepp энэхүү үзэгдлийг хүмүүсийн сайн мэддэг дуу, дуурийн ари хөгжим эсвэл аливаа нэг хөгжмийн зэмсгийн гоцлол гэдгээс нь хамааралгүй хөгжил хувьслын үүднээс тайлбарлажээ. Тэрээр энэхүү мэдрэмж нь нийгмийн гарз хохирол тэр дундаа хагацал зовлонтой холбоотой үүсэх тархины идэвхжилээс бий болдог гэж үзэж байна. Амьтны зулзага төөрөхдөө гаргадаг “хагацлын” дуу чимээ эхдээ хаана байгаагаа мэдэгддэг. Тэгвэл хүйт оргисон мэдрэмж нь эцэг эхтэйгээ эргэн нийлэх сэдлийг илүү их өдөөдөг ажээ. Тиймээс ч хагацлыг харуулсан бэлгэ тэмдэг, амьдралын баяр гунигийг агуулсан зарим төрлийн дуунууд пилоэрекци үүсгэдэг.
Mathias Benedek, Christian Kaernbach нарын саяхны судалгаагаар Panksepp-ын таамаглалыг батлах зарим үр дүн гарчээ. Судалгаанд оролцогчид чихэвчээр 4 богино хэмжээний хөгжмийн түүвэр мөн 4 өөр киноны дуу сонссон. Энэ үед судлаачид оролцогчдын арьсны сэрэл, зүрх судасны болон амьсгалын өөрчлөлтийг хянаж пилоэрекцийг нь видео хальсанд буулгасан байна. Судалгааны үр дүнд зарим оролцогчдын зүрхний цохилт хурдсаж, илүү гүн амьсгаа авч байгаа нь ихэвчлэн уй гашуутай холбоотой сэтгэлзүйн хариу үйлдлийн шинжтэй нийцэж байлаа. Үүгээрээ Panksepp-ын пилоэрекци болон уйтгар гуниг хоорондоо холбоотой гэсэн таамаглалын баталж байгаа юм. Гэсэн хэдий ч тэд хүйт оргих мэдрэмж, арьс биржийх үзэгдэл хоёрын холбоо хамаарлыг батлах хангалттай нотолгоо олоогүй билээ.
Benedek, Kaernbach нар пилоэрекцийг бий болгодог сэтгэл хөдлөлийн байдлыг “уй гашуу” гэж тайлбарлах нь зохисгүй гэж үздэг. Ер нь сэтгэл догдлуулам тааламжтай эсвэл жихүүдэс төрмөөр таагүй зүйлсээс болж л “хамаг арьс биржийчихлээ” гэдэг шүү дээ. Пилоэрекцийг догдлол гэсэн сэтгэл хөдлөлтэй холбох өөр нэг боломж бий. Амьтдын үс аюул тулгарсан үед босдог гэсэн баримт дээр үндэслээд Benedek Kaernback нар пилоэрекцийг хүмүүсийн сэтгэл хөдөлсөн үед үүсч болох аюул заналхийлэлд хариу үзүүлэх хувьслын үр дүн хэмээн таамаглаж байна. Хэрэв сэтгэл судлаач Vladimir Konečni-ын “догдлол бол айх баярлахын нэгдэл” гэсэн үзлийг баримтлах юм бол бид пилоэрекцитэй холбоотой хоёрдмол хариу үйлдлийг таамаглаж болох нь. Үүнийг судалгааны баримт нотолгоо ч харуулж байна.
Энэ бүгдээс үзэхэд хүний хамгийн нарийн, гүнзгий мэдрэмжүүдийн зарим нь бидний түүхэн хөгжил хувьслаас ч өмнө бий болсон байж болох юм.
Эх сурвалж: Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл, 2011/2
Энэ нийтлэлийг уншсан хүмүүсийн ихэнх нь Whitney Houston-ий I will always love you-г сонссон байх,
ReplyDeleteБи лав сонслоо, дахилтан дээр нь хамаг бие хачин болоод л явжийшд хэхах