2.03.2014

Хүүхдийн сэтгэлзүйн онцлог ба уйтгар гуниг


By on 4:38 PM

Ойр дотны хүний үхэл зөвхөн томчуудын сэтгэл санаанд нөлөөлөөд зогсдоггүй. Арван таван нас хүртэлх хорин америк хүүхдийн нэг нь эцэг эхийнхээ аль нэгийг алдсан уйтгар гунигтай учирсан тооцоог судлаачид гаргажээ. Массачусетс мужийн Бостон хотын төв эмнэлэгт хүүхдэд тохиолдсон уйтгар гуниг, уй гашууг судалсан судалгааны дүнд хүүхэд өөрийнхөөрөө уй гашуугаа илэрхийлдэг болохыг илрүүлжээ. Мөн тэр судалгааны явцад томчууд энэ бүхэнд оролцож, саад болох хэрэггүй гэдгийг тогтоожээ.
Тус мужийн хэсэг мэргэжилтнүүд 4 жилийн туршид эцэг эхийнхээ нэгийг алдсан 125 хүүхдийн зан байдлыг ажиглан судалсан байна. Тэд эцэг эхийнхээ нэгтэй үлдсэн хүүхдүүд ба тэдний эцэг эхтэй тэрхүү явдлаас хойш 4 сарын дараа уулзаж ярилцан судалгаа авчээ. Тэрхүү судалгааг нэг ба хоёр жилийн дараа мөн давтан явуулсан байна. Эрүүл мэндийн хүрээлэнгийн профессор Филис Силверман энэ талаар: "Ихэнх хүүхдүүд уйтгар гуниг уй гашуугаа тайлж чадсан байдаг ч тэр явдлаас хойш бүтэн жил өнгөрөөд байхад хүүхдүүдийн 20%-ийн нь зан үйл, сэтгэл хөдлөлийн хүрээнд таагүй өөрчлөлт хэвээр хадгалагдсаар байдаг" гэжээ.
Тэрхүү судалгааны дүнд эцэг эхчүүд болон томчууд хүүхдүүдэд ийм нөхцөл байдалд хэрхэн туслах боломж байдгийг илрүүлсэн байна. Тухайлбал, тэдэнд нас барагчийн ямар нэг зүйлийг өгч хадгалуулах юм бол тэр нь нас барсан хүнтэй сэтгэл хөдлөлийн түвшинд хэлхээ холбоотой байх боломжийг нөхцөлдүүлдэг. Түүнээс гадна хүүхдүүд томчуудын нэг адил бусдад өөрийн сэтгэл санааны таагүй байдал, уйтгар гуниг, уй гашууны талаар дэлгэж ярих хэрэгтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Хүүхэд энэ талаар ярихад томчууд зай барихгүй харин тэднийг анхааралтай сонсож, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг байх нь чухал. Гэхдээ хүүхдүүдэд маш анхааралтай хандаж, тэднийг ямар ч нөхцөлд шахаж сандраахгүй, дээд зэргээр эелдэг, эв дүйтэй байх явдал хамгийн гол зүйл юм.
Хүүхэд бүрт энэ таагүй байдлаас гарахад нэлээд их хугацаа шаардагддаг боловч тэр нь тухайн хүүхдийн сэтгэцийн хувийн онцлогоос хамаарч өөр өөр байдаг ажээ. Хэрэв эцэг эхийн нь хэн нэг нь нас барсны дараа хагас жил өнгөрөөд байхад хүүхэд хэвийн байдалдаа орохгүй, сургуульдаа явах дургүй, хичээлдээ урьдын адил сайн сурахгүй болж, ганцаараа байж, дуугаа хураах зэрэг байдал гаргаад байх юм бол гэр бүлийн томчууд энэ асуудлаар сайн мэргэжилтнийг урьж зөвлөлгөө авах зайлшгүй шаардлагатай болно. Энэхүү ажлыг хүүхдэд ганцаарчлан зөвлөгөө өгч туслах юм уу түүнийг аль нэг сэтгэц заслын бүлэгг оруулах хоёрын аль ч хэлбэрээр шийдэх боломжтой юм.

Удирдлагын академийн Социологи-сэтгэлзүйн
Тэнхмийн багш, дэд проф. Д. Доржжав
2014/1

Сэтгэлзүйн Боловсрол сэтгүүл

Сэтгэц судлалын ухааны онол-аргазүй, туршилт, хэрэглээний чөлөөт хэвлэл.

0 сэтгэгдэл:

Post a Comment