Хүмүүс өөрийнхөө нэрийг уянгатай өөриймсөг дуудахыг сонсоод тэр дороо "чихээ дэлдийлгэж, толгойгоо тэр зүг хурдан эргүүлдэг байна. Энэ нь сэтгэл зүйн талаас хүний нэрийг сайтар тогтоож авах, уулзангуут уянгалуулан сайхан хэлж сурахаас харилцаа эхэлнэ гэдгийг бидэнд анхааруулаад байгаа хэрэг. Хүний нэрийг хэрхэн хэлж байгаа тэрхүү эгшиг авиа, уянгалах дууны нийлбэрээс хамаарч харааны хэлхээ холбоо сэргэж, ойр дотно харилцааны уур амьсгал цогцлон бүрддэг байна. Ингэснээр утсаар ярих нөхцөлд шууд бие биенээ хараад ярилцаж байгаа мэт мэдрэмж харилцагчдад төрж, тэр дороо харилцааны уур амьсгал эрүүл, онцгой сайхан болж хувирна.
Харин та нүүр нүүрээ харж ярилцаж байгаа нөхцөлд дээрхтэй адил олон удаа хүний нэрийг дуудах хэрэггүй. Яагаад гэвэл энэ бүхэн харилцагчид чинь ядаргаатай санагдаж, таагүй сэтгэгдэл төрөх болно. Ахиад л энэ бүгд харилцааны сэтгэл зүйн нэг онцгой нөхцөл байдлын илрэл байдаг. Ер нь харилцааны бүхий л үйл явц эхнээсээ төгсгөлөө хүртэл энгийн, ойлгомжтой илүү дутуу зүйлгүй, гагцхүү хүнлэг өнгө аясаар бялхаж байх ёстой. Харин хүмүүстэй алсын зайнаас утсаар ярилцах нөхцөлд түүний нэрийг нэг биш удаа хэлэх хэрэгтэй ба ингэснээр ойрын зайнаас ярилцажбайгаа мэт ойр дотно мэдрэмж, сэтгэгдэл төрүүлэх нэг нөхцөл бүрэлдэх болно.
Алсаас харилцаж байгаа нөхцөлд тэрхүү орон зайг сэтгэл зүйн талаас даван туулах, ойрхон байгаа юм шиг сэтгэгдэл харилцагчдаа төрүүлэх нэмэлт арга, эв дүй, ур ухаан зайлшгүй шаардагдана. Мэдээж ийм мэдрэмж, сэтгэл хөдлөлийг өдөөх олон төрлийн арга бий. Тэр аргуудын нэгэн нийтлэг шинж нь харилцагчдаа тэр холын орон зайг ойртуулж, хажууд нь байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхэд оршино.
Тэдгээр аргуудын хамгийн энгийн, гэхдээ ямар ч нөхцөлд гайхалтай үр дүн өгдөг нэг арга нь хүний нэрийг донжийг нь олж олонтаа дуудах явдал юм. Товчоор бол энэ нь харилцагчийнхаа нэрийг уянга эгшигтэй дуудаж, харилцааны уур амьсгалыг сэтгэл зүйн түвшинд эерэг тал руу нь хөтөлнө гэсэн үг. Таны харилцагч энэ үед өөрийг нь үгээр илж, энхрийлж байгааг бодитой мэдрэх учиртай.
Энэ аргын сэтгэл зүйн үндэс нь харилцагч чинь өөрийн нэрийг утасны цаанаас олонтаа сонсохдоо алгуур сэтгэл нь уярч, элэгсэг уур амьсгалыг мэдрэн мэдэрсээр өөрөө ч анзааралгүй анхаарлаа өөр лүү чинь бүрэн хандуулах явдал юм. Чухам тэр мөчид алсын зайнаас яг хажууд байгаа мэт харилцах харилцааны нөхцөл бүрэлдэнэ.
Алсын зайнаас харилцах үед үүсдэг сэтгэл зүйн таагүй үр дагаврыг тэр л байгаа байдлаар нь тэгсгээд орхичих юм бол утсан харилцааны онцлогоос хамаарч харилцаанд үүсдэг бүх саад бэрхшээл, "зайнаас үүдсэн сэтгэл зүйн хаалт" тэр хэвээрээ үлдэх гэмтэй. Дараа нь тэрхүү байдал өдөр бүр хэдэнтээ давтагдаад ирэхээр хүмүүс утсаар ярьж бүрэн дүүрэн харилцах биш зөвхөн ямар нэг зүйлийг бие биендээ "дуулгах" төдий зорилго тавьдаг болдог.
Та дээрх аргыг амжилттай хэрэглэж сурсан нөхцөлд харилцагчийн чинь нойр хүрч байснаа үгүй болж, ямар нэг зүйлийг харж уншиж байсан бол өөрөө ч мэдэхгүй тэр бүхнээ хойш тавьж, бүх сэтгэл мэдрэл нь тань луу хандана гэдэгт бүрэн итгэлтэй байж болно.
Харилцааны аливаа тусгай ур чадвар ийм энгийн атлаа үр нөлөөтэй зан үйлийн арга хэлбэрүүдээс бүрдэж байдаг. Гагцхүү тэр бүхнийг хэн нэгнийг "залилах" юмуу "аргалах"-ын тулд биш сайн санааны үүднээс, чин сэтгэлээсээ төлөвлөн гүйцэтгэх нь юу юунаас чухал байдаг. Ингэж алсын хараатай, нухацтай хандсан тохиолдол бүхэнд таны харилцааны ур чадвар бага багаар өсөн дээшилсээр байх нь гарцаагүй билээ.
Удирдлагын Академийн
социологи-сэтгэлзүйн
тэнхмийн
багш, дэд профессор Д. Доржжав
2014/1
0 сэтгэгдэл:
Post a Comment